Төрийг үгүйсгэх бодлогын цаадах боолчлолын дэглэм
Эндээс бас өөр нэг дүгнэлт гарч ирнэ. Нийгмийг зөв зохион байгуулсан төрийн зөв бодлого, үйл ажиллагаа л зөвхөн улс нийгэмд хэрэгтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж чаддаг ажээ.
Тухайлбал өнөөдөр манайд малчин сүү, цагаан идээ, эсвэл мах, арьс шир борлуулахаар хотод аваад ирэхэд нь түүнээс том үйлдвэрийн нөхцөл шаардаж /лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн бичиг гэх мэт/ буцаагаад оронд нь БНХАУ-аас савтай сүү, гахай тахианы мах импортоор оруулж ирж байгаа нь хувиараа үйлдвэрлэл эрхлэгч, жижиг аж ахуйн нэгж, иргэдийг тухайн үйлдвэрлэл үйлчилгээгээ эрхлээд амьдрах бололцоогүй болгож, мөнгө олох өөр хялбар арга зам хайхад хүргэдэг ажээ.
Мэдээж тэр арга нь хууль бус үйлдэл, үйл ажиллагаа. Тухайн малчин лабораторид бүтээгдэхүүнээ шинжлүүлэх гэж явсаар сүү нь гашилж, мах нь муудаж, зарлага нь олох орлогоосоо давна. Тиймээс нэг бол байцаагчийн гарт багахан юм атгуулж, эсвэл бүтээгдэхүүнээ нууж хааж, баригдахгүй байх гэх мэтээр наад захын хууль бус үйлдэл эхэлнэ. За тэгээд орлогоо нэмэгдүүлэх гээд сүүндээ ус нэмэх энүүхэнд. Цаашлаад нөгөө хэдэн мал, нөгөө жижиг үйлдвэрлэл нь шахагдан, оршин тогтнох бололцоогүй болж амьдрахын эрхэнд аль нэг том компани, хэн нэг эзний зарц барлаг болохоос аргагүй. Гэтэл манай улс муулаад байдаг өмнөх нийгмийнхээ үед хөдөөгийн нэгдэл, САА-гаасаа сүүгээ цуглуулж машинаар зөөгөөд цэвэр монгол малынхаа сүүгээр нийслэлийн иргэдээ хангаж болдог л байсан. Өөрөөр хэлбэл ийм ажлыг төрийн бодлого зохион байгуулалтаар хийж чадахаас биш ганц малчин ийм зохион байгуулалт, бүтцийг бий болгож чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Тэгвэл том компаниуд чадах уу гэдэг нэг асуудал бас гарч ирнэ. Өөрөөр хэлбэл компанийн засаглал хэрэгтэй юм биш үү гэсэн санаа дэвшигдэн гарч ирнэ гэсэн үг.
Үүний хариултыг өнөөдөр голдуу эрх мэдэлт танил талаараа дамжуулан импортын хулхи барааг төсвийн байгууллага, төрийн өмчит газруудад өндөр үнээр шахаж ашиг олдог, дотоодын жижиг үйлдвэрлэгчийг хааж импортоор оруулж ирсэн чанаргүй, хуурамч шошготой барааны үнээ дуртай үедээ цөөн хэдүүлээ үгсэн хуйвалдаж нэмээд, эрх баригч намуудын хишиг болгон тарааж байгаа бэлэн мөнгийг нь иргэдээс хураан авч, ядуурлын дөрөөг чангалж суудаг, монголын баялгийг эрх баригчидтай нийлж гадныханд худалдчихаад орлогоо нууж, татвараас зайлсхийж, татварын өршөөлд хамрагдах гэх мэтээр хууль бус элдэв үйл ажиллагаагаар үлгэрлэж байдаг том компаниудын бэлэн жишээ нь компани гэдэг өөрийн ашиг орлогыг бодохоос биш улс үндэстний эрх ашгийг хамгаалж, төрийн бодлогыг явуулж чадахгүй гэдгийг бидэнд хэлээд өгнө.
Ер нь нийгмийн ядуурал гэдэг нь нийт олны мөнгө нэг хүний халаасанд бөөгнөрч бусад нь гар хоосон болж байгаа хэрэг бөгөөд энэ ч утгаараа компанийн буюу олигархийн засаглал гэдэг нь том нь жижгээ барьж иддэг “хилэнцэт аалзны засаглал” болох нь ойлгомжтой юм.
Өнөөдөр манайд 10 хүний 2 нь л ажилтай болох боломжтой. Энэ нь хүмүүсийг хөгжүүлж чадваржуулах өрсөлдөөнийг биш харин дарамт, доромжлол, атаа хорслыг л бий болгох бөгөөд ажилласныхаа хэрээр сайхан амьдрах боломж бүр ч биш юм. Яагаад гэвэл эзний хүслээс өчүүхэн төдий татгалзах юм бол хөөгөөд гаргахад гадаа нь “элсэн цөлд ангаж цанган амь тавихын даваанд тулаад” ийшээ орвол “мөнхийн аршаан ханатлаа ууна” гэж итгэсэн хэд дахин олон хүн байгаа. Энэ нь л бусдыг өчүүхэн бага хөлсөөр ажиллуулж их ашиг олох боломжийг бүрдүүлнэ. Тиймээс нийгмийн ядуурал нь компанийн засаглал оршин тогтнох боломж нь, боолчлолын дэглэм урган төлжих хөрс нь ажээ.
Номхон хүлцэнгүйгээр боолчлогдох гэдэг бол манай өнөөгийн нийгмийн олонхид тулган хүлээлгэсэн зарчим болоод удаж байна.
Тэгвэл энэ боолчлолын дэглэмийг хорьж иргэн бүрийн эрх тэгш сайхан амьдрах бололцоог хангахын тулд нийгмийг зөв зохион байгуулах, иргэн бүрээ ямарваа халдлагаас хамгаалах үүргийг Төр хүлээдэг.
Гэтэл манай улс төрчид, тэр тусмаа “барууны өндөр боловсролтой” гэдгээ олон нийтэд харуулах эрмэлзлэлтэй улс төрийн алба хашигчид, төрийн түшээ гэх эрхмүүд “Төр хамаг юманд оролцсоноос нийгмийн хөгжилд саад болж байна, эрх мэдлийг орон нутагт, иргэний байгууллагуудад өгөх хэрэгтэй” гэж номчирхох нь тун ч ойлгомжгүй.
Үнэхээр орон нутгийн ИТХ, Засаг дарга, засаг захиргааны байгууллагууд нь эрх мэдэлгүй юм уу гэтэл гадны хэдэн тэнэмэлийг орон нутагтаа орогнуулан, хамаг баялагаа тэдэнд найр тавин өгч газар нутаг, ус байгалиа сүйтгээд, эсэргүүцсэн нутгийн иргэдээ айлгаж дарамтлаад амьдрах аргагүй болгож байгаа нь эрх дарх нь хэтэрсэн гэмээр. Ажил хийх гэхээр мөнгө санхүү нь үнэхээр хүрэлцэхгүй байгаа юм болов уу гэтэл хувьдаа бариулаад байгаа барилга байгууламжийг нь харахаар илүүдээд ч байгаа юм шиг.
Тэгээд юм болгонд төр оролцоод байгаа юм бол энэ бүх хууль бус үйлдлүүдийг нь дор дор нь зогсоогоод засаж залруулаад баймаар. Гэтэл үгүй.
Энэ бүхэн төрийн оролцоо ихэдсэнийг биш харин төрд луйварчны оролцоо ихэдсэнийг л харуулаад байгаа билээ.
Гэтэл улс төрч эрхмүүд өөрсдөө төрд гарчихаад Төрийг үгүйсгэн, “төрийн оролцоог багасгаж иргэний байгууллагуудад л эрх мэдлийг өгөх хэрэгтэй” хэмээн царайгаа мэнчийлгэн мэдэмхийрцгээх нь иргэдийн гэнэн итгэмтгий сэтгэлийг ашиглан улс үндэстнийг аймаг орон нутгаар нь салгаж, задлан бутаргах гадны санаа зорилгыг гүйцэлдүүлэхээр олон нийтийн толгойг эргүүлэх аядаж суугаа нь тэр.
Монголыг эзэнгүйдүүлэн цөлмөх, компанийн засаглал тогтоон боолчлох харийнхны далд бодлогыг манай төрмөл бус “таримал ухаантнууд” ингэж л хэрэгжүүлсээр…
Comments
Post a Comment