Улс орныг сүйрүүлэх аргыг Иракт хэрэглэсэн жишээ
Дэлхийг өөрсдийн эрхшээлд оруулах, бусдын баялгийг зөвхөн өөрсдийн ашиг хонжооны хэрэгсэл болгохыг эрмэлзсэн “Рокфеллерчууд”-ын бодож боловсруулсан “Улс үндэстнийг үгүй хийх” нарийн арга технологийг өнөөдөр газар сайгүй амжилттай хэрэглэж, тэр нь ч үнэхээр “алдаагүй боловсруулагдсан технологи” болохоо батлан харуулах боллоо.
Эдийн засгийн өөрчлөлт гэх хууран илбэдэх энэхүү “арга технологи” нь эдийн засгийн үндсийг нь устгаж, улс орнуудыг “балайруулах” замаар улс үндэстнийг үгүй хийдэг ажээ.
Энэ арга технологийг хэрэглэсэн сүүлийн жишээ нь тухайлбал.АНУ 2003 онд Иракийг эзлэн авсны дараа Иракийн эвслийн түр засаг захиргааны тэргүүнээр томилогдсон /урьд нь АНУ-ын төрийн департаментийн терроризмтэй тэмцэх газрыг толгойлж байсан/ Пол Бремер маш яаралтай 100 гаруй тушаалыг гарган АНУ-аас бусад улс орнуудад тулган хүлээлгэдэг “чөлөөт зах зээл”-ийн гэх тэр загвараа хэрэгжүүлэх ажлыг асар богино хугацаанд гүйцэтгэжээ. Үүнд юуны түрүүнд
1. Төрийн байгууллагуудыг цомхотгон 500 мянган албан хаагчийг ажлаас нь халж,
2. Төрийн өмчид тулгуурласан Иракийн бүрэн бүтэн эдийн засгийг задлан 200 гаруй том үйлдвэрийг хувьчлах нэрээр бутаргаж,
3. Татварыг бууруулж, төрийг ямар ч үүрэг рольгүй, хяналтгүй, чадамжгүй байхаар болгон мухарлаж,
4. Үр тарианы нөөцийн санг нь устгаж
5. Худалдааны ямар нэг хориг хязгаарлалтгүйгээр улсын хилийг импортод нээж
6. Дээрх өөрчлөлтийг хийсний эцэст өөрсдийнхөө тулгасан эдгээр нөхцлийг цаашид өөрчлөхгүй хэвээр нь хадгалах үүргийг дуулгавартай гүйцэтгэх этгээдүүдийг төр засгийн эрхэнд дэвшүүлэн гаргаж “төвхнүүлэх” ажлууд хийгджээ.
Энэ өөрчлөлтийн үр дүнд өдий төдий ажилгүйчүүд бий болсноор ядуурал газар авч, улс орон үгүйрэн хоосорч, өмч хувьчлалаар гадны эзэд улс орны бүх хөрөнгөнд нь эзэн сууж, төрийн ямарваа хяналт алдагдсанаас элдэв гэмт хэрэг, аллага хядлага, эмх замбараагүй байдал гаарч, нийгмийн амар тайван амьдралыг үгүй хийжээ.
Хамгийн гол нь үйлдвэрлэл үгүй болсон учраас эдийн засгийн чадамжаа алдаж, гадныхан чанаргүй бараа бүтээгдэхүүнээ шахаж, өнгөтэй өөдтэйг нь хураан авах, мөнгө хүүлэх ашиг хонжооны “сайхан” талбар болон хувирчээ.
Тухайн улс тариа будааны сан хөмрөгөө сүйтгүүлсний балгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь алдагдаж, хүн ам нь гадаадын тусламжийн хоол хүнсэнд дугаарлан зогсож аягаа тосох арчаагүй хэрэглэгчид болцгооход хүрчээ.
Ийм нөхцөл байдалд орсон улс орон аргагүйн эрхэнд гадны зээл тусламж хүсэж, өр зээлийн барьцаанд ордог, Олон улсын валютын сан гэх мэтээс тулгах улс төрийн бодлогын ямарваа болзол шаардлагыг дуулгавартай хүлээн авахаас аргагүй болдог ажээ.
Ингэж Иракийн эдийн засгийг бусинуулсан хэдий ч тус улсад “балайрах” үзэгдэл ажиглагдахгүй байгаа төдийгүй цаашид төр засгаа төвхнүүлэх ажиллагаанд гадныхны санаа бодол нөлөө орохоос сэрэмжлэн гадны аливаа зөвлөмжөөс татгалзаж байгаа нь тухайн улс үндэстний эрүүл байдлын нэгэн дархлаа болсон шашин шүтлэгтэй нь холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна.
Харин Монгол улс яг ийм бодлогыг өөрсдийн сайн дураар хүлээн аваад түүндээ хөөрөн бахархаж, нийгмийн ядуурал доройтлыг харсаар байж бид том амжилт оллоо хэмээн цээжээ дэлдэцгээж байгаа нь “балайрал” хэрхэн газар авсны илэрхийлэл ажээ.
Comments
Post a Comment